Ноорог 
3 сарын 26-ны өдөр 18 хоног киноны болон бусад файлуудаа эргэн авч буйтай холбогдуулан гаргаж буй мэдэгдэл.
Ноорог Креатив Студио нь 3 сарын 17-ны өдрөөс хойш үүсэн нөхцөл байдлын улмаас хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө тодорхойгүй хугацаагаар алдсан билээ. Харин 3 сарын 24-ны өдрөөс 3 сарын 26-ны хооронд ажлаа үргэлжлүүлэхэд шаардлагатай зарим файл болон 18 хоног киноны дүрс бичлэгийг хуулж авсан. Энэ бол та бүхний бидэнд өгсөн дэмжлэг, олон нийтийн шахалт шаардлагын үр дүн юм.
Гэсэн хэдий ч үйл ажиллагаагаа тогтворжуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг, ажилтан бүрийн хувийн харилцаа холбооны хэрэгсэл гар утсыг хэзээ буцаан олгох нь тодорхойгүй хэвээр байна. Энэ явдал бидний хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд маш том хүндрэл учруулж байгаа бөгөөд хойшлуулшгүй ажиллагаа нэрийн доор хийсэн мөрдөн шалгах ажиллагааны алдаа, хүний эрхийн зөрчлүүдийг залруулахгүй гэдгийг мэдэгдье. Мөн энэхүү үйл явдлаас үүдэн компанийн бизнесийн нэр хүндэд халдсан хохирлыг энэ үйлдлээр барагдуулахгүй болно.
Манай компанийг төлөөлж буй өмгөөлөгчийн хэлснээр “Togosoo TG”-ийн худал мэдээлэл тараасан гэх гомдол үндэслэлтэй эсэхээс үл хамаарч тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд буцаан олгохгүй байх магадлал өндөр байгаа юм. Цаашлаад бүр мөсөн өгөхгүй байх ч боломжтой нөхцөл байдал үүсээд байна. Бид түр хугацаагаар дэмжигчид, үзэгчдийнхээ тусламжтайгаар зарим тоног төхөөрөмжүүдийг богино хугацаанд ашиглахаар авсан ч энэ байдал удаан үргэлжилбэл байгууллагын орлого, санхүүгийн нөхцөл байдал, ажилтнуудын амьдралын чанарт нөлөөлж байна.
Хэдий нөхцөл байдал хүнд байгаа ч өөрсдийн дүрсүүдийг авахад маш их туслалцаа үзүүлсэн та бүхэндээ баярлалаа.